"Өвлийн олимпын уулзалт" Хятад, Оросын харилцаанд шинэ эрч хүч нэмэрлэв
2-р сарын 4-ний орой Бээжин хотноо өвлийн олимпын 24-р наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолыг үзэж сонирхсон олон орны нэр хүндэт улс төрчдийн дунд амласан ёсоороо хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байв.
"Энэ удаа та хүрэлцэн ирснээр, бидний "Өвлийн олимпын уулзалт" биеллээ оллоо. Өнөөдрийн бидний "Шинэ оны золголт" Хятад, Оросын харилцаанд асар их эрч хүч нэмэрлэнэ гэдэгт би итгэж байна" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Путинтэй уулзахдаа хэлсэн юм. Хоёр тал өмнө товлосон ёсоор Хятад, Оросын харилцаа, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын талаарх томоохон асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ удаагийн уулзалтын улс төрийн хамгийн чухал үр дүн болохын хувьд хоёр тал "Шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн тухай Хятад, Оросын хамтарсан мэдэгдэл” нийтэлжээ. Хятад, Оросын найрсаг харилцаа бие биенээ чухалд үзсээр ирсэнд байгаа төдийгүй олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалах гол хүчин болж байна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Балабанов үзлээ.
Энэ бол Хятад, Оросын төрийн тэргүүн нарын сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дахь анхны нүүр дулсан уулзалт бөгөөд сайн андуудын амласан найман жилийн дараах болзоо биелж буй явдал юм. Аль эрт 2014 онд Ерөнхийлөгч Путины урилгаар Ши Жиньпин дарга ОХУ-д хүрэлцэн очиж, Сочигийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохдоо хоёр тал “2022 онд Бээжинд дахин уулзах” ерөөл тавьсан юм. Өнөөдөр энэ болзоо биеллээ оллоо. "Олимпын айлчлал" нь хоёр орны төрийн тэргүүн нарын гүн зузаан найрамдлын гэрч болж, шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны утга учрыг тодоос тод харууллаа.
Үнэндээ, мөн өдөр болсон Хятад, Оросын төрийн тэргүүн нарын “Шинэ оны золголт”-д “стратегийн хамтын ажиллагаа” гэдэг үг олон давтагдсан. Энэ нь дэлхий дахин өөрчлөгдөж буй нөхцөл байдалд энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойтой яв цав нийцэж байгаа юм.
Хоёр талын хамтарсан мэдэгдэлд ардчилал, хөгжил, аюулгүй байдал, дэг журмын үзэл баримтлалын талаарх нийтлэг байр суурийг онцолжээ. "Ардчилал бол цөөн улс орнуудын патент биш, харин бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл" гэдгийг онцлохоос авахуулаад "Хөгжил бол ард түмэнд сайн сайхныг эдлүүлэх гол хүчин", түүнчлэн "хоёр орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гаднын хүчнийг эсэргүүцэх", "Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх"-ийг уриалсан бол хамтарсан мэдэгдэл нь олон улсын шударга ёсыг хамгаалж, олон улсын харилцааны ардчиллыг дэмжих хүчтэй дохио байсан юм. Хамтарсан мэдэгдэл нь Хятад, Оросын байр суурь Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын ёс суртахуунаас илүү давуу талтай гэдгийг харуулж байна, учир нь олон улсын эрх зүйд суурилсан дэлхийн дэг журмыг сахин хамгаалахаар зорилгоо болгосонд байна гэж ОХУ-ын Гадаад харилцааны дээд сургуулийн Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн шинжээч Нежданов тайлбарлажээ.